Sunday, May 2, 2010

Сэтгүүл үзэж суугаад их хэрэгтэй мэдээлэл оллоо/ Монгол комьпютерийн үйлдвэр/




КОМПЬЮТЕРИЙН ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

Үндсэндээ англиар бол Computer and Electronic product manufacturing industry гэсэн хэллэг бий. Энэ бол Япон зэрэг улсыг өнөөгийн өндөр хөгжилтэй орон болгоход гол түлхэц өгсөн хүчирхэг салбарын тухай яриа юм. Гэвч энэ бол яг одоо бидний ярих сэдвийн хүрээнд бол хэтэрхий өргөн ойлголт бөгөөд үүнд компьютер, компьютертай холбоотой бүтээгдэхүүнүүд, принтер, харилцаа холбооны төхөөрөмжүүд, гэрийн электрон бараанууд гэх зэрэг түмэн зүйлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тухай яригдаж болно. Тэр байтугай орчин үед электроник нь зөвхөн үүгээр зогсохгүй машин, тоглоом, цэрэг арми зэрэг бүх салбар руу нэвтэрч эхэлжээ.

Харин бид компьютер үйлдвэрлэлийн тухай энэ удаад дагнан хүүрнэе. Үнэндээ энэ салбар нь орчин үеийн дэлхийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн онцгой ач холбогдолтой хэсэг билээ. Энэ салбар тухайн оронд хэр хүчтэй хөгжсөн нь мэдээллийн технологийн бас нэг чухал хэмжүүр ч байж болох юм. Өндөр зэрэглэлийн компьютер угсрах үйлдвэр нь бидний төсөөлдөг шиг жирийн нэг угсрах цехтэй огт төсгүй. Тэнд өндөр зэрэглэлийн туршлагатай инженерүүд ажиллах бөгөөд маш нарийн тогтоосон стандартын дагуу ажиллах шаардлагатай. Угаасаа эцсийн бүтээгдэхүүн буюу компьютер маань өөрөө маш нарийн тоног төхөөрөмж тул түүнийг бүтээдэг үйлдвэр маань замбараагүй байх боломжгүй юм. Үүнээс гадна орчин үеийн үйлдвэрүүд нь ширүүн өрсөлдөөн дунд ажиллах болсон тул бүр илүү маркетингийн болоод судалгаа шинжилгээний ажлыг хийх ёстой. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн үнэ, байгаль орчинд нөлөөлөх байдал, үйлчилгээ гэх мэт олон үзүүлэлтээр өрсөлдөх шаардлагатай.

Компьютер бол өөртөө олон чухал эд ангиудыг багтаадаг тун өвөрмөц бүтээгдэхүүн юм. Эдгээр эд ангиудыг хэрхэн сонгож авах нь эцсийн бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлнө. Дэлхий дээр компьютерийн бүрэлдэхүүн эд ангиудыг үйлдвэрлэдэг маш олон үйлдвэрүүд бий.

Тухайлбал процессор гэхэд л Intel ба AMD гэсэн сонголттой байхад эх хавтангийн хувьд Intel, Elitegroup, Gigabyte, MSI гэх мэт олон нэр хүндтэй фирмүүд байдаг. Тэдгээрийг OEM (Original Equipment Manufacturer) / ODM (Original Design Manufacturer) гэж нэршдэг. Эдгээр олон үйлдвэрлэгч дундаас хамгийн шилдгийг сонгож нийцтэй систем бүтээнэ гэдэг бол амаргүй хүнд ажил билээ.

Тэгэхээр эд ангиудаа хэрхэн сонгож, туршилт судалгааг яаж явуулах нь тухайн компьютер үйлдвэрлэгчийн хийх ажил юм. Тэд хэдий чинээ сайн судалж, туршилтыг амжилттай явуулна, эцсийн бүтээгдэхүүн төдий чинээ сайн гардаг. Та бидний өндрөөр үнэлдэг Dell, HP, Lenovo гэх мэт үйлдвэрүүд яг ингэж ажилладаг тул тэдний бүтээгдэхүүнд эргэлзэлгүй найдаж болох юм.

Гэвч үйлдвэрийн төвшинд ажиллана гэдэг тийм ч амар биш. Олон үйлдвэрүүдтэй харилцаа холбоо тогтооно, өөрсдийн зардлыг боломжит хэмжээнд бага байлгах, туршилт судалгааг хэрхэн явуулах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шугамуудыг бүтээх, шат дамжлага болгон дээрх тестийг хэрхэн хийх гээд л түмэн асуудлыг зөв бөгөөд цогцоор нь шийдэх шаардлагатай.

Энэ бүх ажлыг нугалахад авьяаслаг бас чадварлаг хамт олон, ажлын багийг бүрдүүлэх учиртай юм.

Компьютер үйлдвэрлэлийн салбарын бас нэг сонирхолтой онцлог бол та бидний мэддэг зарим хүчирхэг брэндүүд маш жижигхэн компани байдаг. Гэтэл Dell мэт нь улс гүрэн дамжсан аварга том байх нь ч бий. Гэхдээ түүхээс харах юм бол бүгд л маш жижгээс эхэлсэн байдаг. Компьютер үйлдвэрлэлийн салбарыг нарийвчлан авч үзвэл дотроо хичнээн ч задарч болно. Тухайлбал зарим жижигхэн компаниуд зөвхөн PC-ний гаднах загварыг бий болгодог байхад зарим нь гар хулгана зэргийг захиалгаар үйлдвэрлэж болно. Ингээд хэлэхэд хичнээн амархан боловч эд бүгдийн цаана дандаа өндөр мэргэжлийн авьяаслаг инженер, техникийн ажилтнууд байдгийг санах хэрэгтэй.

ЧАНАР ЧАНАР ЧАНАР

Компьютерийн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол чанар юм. Хэрвээ та нэг л алхам буруу хийвэл эцсийн бүтээгдэхүүн чанаргүй гарна. Улмаар чанаргүй бараа нь үйлдвэрлэгчээ чирэх аюултай. Яагаад гэвэл нэр хүндээ хичээдэг үйлдвэрүүд нь олон жилийн баталгаа өгдөг болохоор чанаргүй бараа буцаж ирэх нь тодорхой. Хэн ч нэг хийсэн ажлаа дахин хийхийг хүсэхгүй.

Иймээс нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнүүд нь олон дамжлагын дагуу тест хийгдэж шалгагдсан байдаг. Тухайлбал компьютер үйлдвэрлэл дээр л гэхэд Case буюу гаднах савны цэвэр байдлыг шалгахаас эхэлнэ. Мэдээж тоос тортог тогтсон Case-ийг үйлдвэрлэл рүү оруулж хэрхэвч болохгүй. Өчүүхэн жижиг тоос л бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй. Түүнчлэн эрэг боолт болгон зөв бөгөөд чанга боогдсон эсэх, төв процессор болоод график карт эх хавтандаа чанга сайн суусан эсэхийг заавал шалгана. Энэ бүх дамжлагаар явсны дараа компьютер маань эцсийн тестэд ороход бэлэн болжээ. Сүүлийн тестийг амжилттай өгсөн компьютер хайрцагт орж эцсийн хэрэглэгчид очиход бэлэн болно.

Монголд тун удахгүй өндөр зэрэглэлийн компьютерийн үйлдвэр байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж Комьпютер Таймс сэтгүүл 2009 он 2-р сар /Их хэрэгтэй сайн сэтгүүл/ 

2 comments: